Улаанбаатар хотын шинэ төв land mark хэмээгдэж буй Яармаг орчмын газар нутаг тэртээ зуун жилийн өмнөөс л хүрээнийхний хамгийн чухал газар байлаа. Үндэсний эрх чөлөөний төлөөх 1911 оны хувьсгалын үр дүнд Богд хаант засгийн газар таван яамтайгаар байгуулагдаж, улмаар 1912 оноос Арван засгийн наадам нэрээр өнөөгийн Яармагийн дэнжид улсын наадмаа тэмдэглэж эхэлжээ. Бидний өнөөгийн ярьж заншсанаар улсын баяр наадам маань 1912 оноос 1922 он хүртэл Арван засгийн наадам нэрээр, 1922 оноос 1958 он хүртэл Цэргийн наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадам нэрээр Яармагийн дэнждээ л болдог байв. Харин 1958 онд Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орсноор наадмын талбай маань наашилжээ.