Жил бүрийн хамгийн сүүлийн өдөр гэр бүлээрээ идээ ундаар дүүрэн баярын ширээгээ тойрон сууж, өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ хэлэлцэж, хундагаа харшуулан тэмдэглэдэг аз жаргалын баяр бол ШИНЭ ЖИЛ.
Тэгвэл энэхүү баярын өдөр идээ ундаас гадна ширээгээ хэрхэн чимэх талаар та бодож сууна уу. Баярын ширээ засахдаа дараах зүйлсийг бүгдийг биш юм гэхэд 2-3 онцлогийг шингээсэн байхад ширээний ард тав тухтай, баярын хоол ч илүү өнгө үзэмжтэй харагдах болно.
БАЙГАЛИЙН ӨНГӨ ТӨРХ ЭНЭ ЖИЛИЙН ТРЕНД
Хэрэв та минималист эсвэл байгаль эхийн шүтэн бишрэгч бол энэ санаа яг танд тохирно. Учир нь бидний эргэн тойрон дахь юмханаар юм хийж болох боломжууд өч төчнөөнөөр байдаг. Агаарт гарангаа уулын бэлээс газарт унасан боргоцой, гацуурын мөчир, элдэв хэлбэр бүхий чулууг цэвэрлэн ширээгээ чимж болно. Мөн Шинэ жилийн баярын ширээндээ зориулж халбага сэрээний шинэ ком авах гэж байгаа бол танд модон иштэйг санал болгож байна. Бүр тавагны суурь тавиур модон байвал бүр ч гоё. Учир нь модон буюу байгалийн гаралтай эд зүйлс нь шинэ жилийн уур амьсгалыг гайхалтай оруулж өгөх болно.
ШИРЭЭНИЙ ГОЛД БАЙРЛУУЛАХ НЭМЭЛТ ЧИМЭГЛЭЛҮҮД
Баярын ширээг өнгө үзэмжтэй харагдуулахад хамгийн чухал зүйлс бол нэмэлт чимэглэлүүд. Чимэглэл гэхээр үнэтэй чамин зүйлээр төсөөлөх хэрэггүй. Үүнийг гацуурын мөчир, лаа, боргоцойг ашиглан гар аргаар хийсэн ч болно. Эсвэл зориулалтын чимэглэл худалдаалагддаг. Мөн цэцэг, ширээний гацуур тавьсан ч болно. Лааг заавал харанхуй үед хэрэглэдэггүй. Муу муухайг үлдэн хөөдөг хэмээн үзэж энгийн үед ч хүмүүс лаа асаан орчноо “цэвэрлэдэг”. Шинэ жилийн баяраар том бүдүүн лааг ширээн дээрээ тавиарай. Эсвэл байгаа зүйлээ ашиглаад суурьтай нарийн лааг ширээний голд асаасан ч болно. Хэрэв элдэв тансаг үнэрт дуртай бол үнэртэй лааг ч асааж болох юм.
ТАВАГНЫ ЧИМЭГЛЭЛҮҮД
Санта, цасан хүн, буга гээд төрөл бүрийн чимэглэлээр хоол болон зуушны тавагаа чимж болно. Мөн этгээд чамин чимэглэл бүхий таваг, хундаганууд ч дэлгүүрүүдээр зарагддаг. Эсвэл заавал шинээр авахгүй, байгаа зүйлээрээ ширээ засахаар бол дараах зурагт харагдаж байгаачлан засаж болно.
Шинэ жилийн гайхалтай үдшээ гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэн өнгөрөөхийг хүсье.